В газете «Өнөөдөр» опубликована статья о Послании Президента Республики Казахстан Касым-Жомарта Токаева «Актуальные задачи Казахстана на новом историческом этапе».

    https://www.unuudur.mn/a/284715

    Казахстан – өндөр зорилго тэмүүлэлтэй орон

    2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ард түмэндээ хандан ээлжит илгээлтээ танилцууллаа. Энэ нь Казахстан Улсад олон жилийн турш уламжлагдан ирсэн хэвшил юм. Төрийн тэргүүн жил бүр илгээлтээрээ дамжуулан улс орны дунд болон урт хугацааны хөгжлийн чиглэлийг тодорхойлж, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, иргэдээ тулгамдсан асуудлаар мэдээллээр ханган, Засгийн газар болон эрх бүхий байгууллагуудад тодорхой үүрэг даалгавар өгдөг.

    «Шинэ түүхэн үеийн Казахстаны тулгамдсан зорилтууд» нэртэй илгээлт нь Казахстан Улсын Тусгаар тогтнолын 35 жилийн ойн өмнөхөн хийгдсэн өргөн хүрээтэй шинэчлэлийн дор шинэ Үндсэн хууль батлагдан, Курултай (Хуралдай) хэмээх нэг танхимтай Парламент нь шинэ тогтолцоогоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн цаг үед нийтлэгдэж байгаагаараа онцлог юм.

    Казахстан Улс хүчирхэг эдийн засаг, орчин үеийн дэд бүтэц, хөгжингүй технологи бүхий орнуудын эгнээнд нэгдэхийг зорьж байна. Эдгээр нь улс орны бүрэн эрхт байдлыг бэхжүүлж, ард иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх үндсэн нөхцөл юм.

    Хөрөнгө оруулалт, тээвэр, эрчим хүч, хиймэл оюун ухаан болон аж үйлдвэрийг төрөлжүүлэх чиглэлийн томоохон санаачилгад тулгуурласан улсын хэмжээний бүтээн байгуулалтын хөтөлбөр илгээлтийн гол цөм байлаа. Ерөнхийлөгч шинэ санаачилгуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хувийн хөрөнгө оруулалт татах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, үндэсний эв нэгдлийг хангахыг «Шударга, Хүчирхэг, Цэвэр, Хөгжин цэцэглэсэн Казахстан»-ы үндэс суурь хэмээн онцлов.

    Ерөнхийлөгч Токаевын илгээлтэд тусгагдсан гол асуудлууд

    К.Токаев Казахстаны түүхэн дэх хамгийн том дэд бүтцийн төсөл болох «Ард түмний бүтээн байгуулалт» хөтөлбөрийг зарлав. Тэрбээр 2027 оныг улсын хэмжээнд өрнүүлэх томоохон бүтээн байгуулалтын жил болгон зарлахыг санал болгож, бүх бүс нутагт нийгмийн зориулалттай барилга байгууламж, тээврийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, орон сууцны томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээ мэдэгдэв.

    Казахстан Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, ирээдүй хойч үедээ санхүүгийн нөөц бүрдүүлэх зорилготой Үндэсний санд 66.7 тэрбум ам.доллар хуримтлагджээ. К.Токаев ойрын гурван жилд дэд бүтцийг шинэчлэхэд тус сангаас 14.27 тэрбум ам.доллар, үүний дотор ирэх дөрвөн сарын хугацаанд 3.29 тэрбум ам.доллар хуваарилахаа мэдэгдэв.

    2026 оны гүйцэтгэлээр Казахстаны дотоодын нийт бүтээгдэхүүн 400 тэрбум ам.долларт дөхөж, нэг хүнд ногдох ДНБ 19 000 ам.доллароос давах төлөвтэй байна. Улсын алт, валютын нөөц болон Үндэсний сангийн хөрөнгийн нийт хэмжээ 130 тэрбум ам.доллароос давна.

    Өнөөдөр жижиг, дунд бизнес Казахстаны ДНБ-ий 40 хувийг бүрдүүлж байна. Энэ үзүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс бичил болон жижиг бизнес эрхлэгчдэд хийх хяналт шалгалтад гурван жилийн хугацаагаар түр хойшлуулах асуудлыг хэлэлцэж байна.

    Казахстан Улс жил бүр ойролцоогоор 123 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгаа ч хомсдол байсаар байна. К.Токаев 2029 он гэхэд цахилгаан эрчим хүчний тогтвортой илүүдэлтэй болох зорилт дэвшүүлэв. Ирэх онд Балхашын Атомын цахилгаан станцын (АЦС) барилгын ажил эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Мойынкумын АЦС-тай холбоотой ажлууд ч удахгүй эхэлнэ. Мөн АЦС-уудыг зуун жилийн турш цөмийн түлшээр хангах улсын Стратегийн Ураны нөөц байгуулах санаачилга дэвшүүлэв.

    2027 онд Бахты–Аягөз чиглэлийн шинэ төмөр зам ашиглалтад орсноор Казахстан, Хятадын хоорондын ачаа тээвэрлэх хүчин чадал 20 сая тонноор нэмэгдэнэ. Хоёр сарын өмнө бүтээн байгуулалт нь эхэлсэн Арал–Каспийн коридор Транскаспийн чиглэлийн замыг 1 000 километрээр, ачаа хүргэх хугацааг гурван өдрөөр богиносгоно. Авто замын бүх хилийн боомтыг ирэх онд бүрэн шинэчилж, Астана хотод шинэ нисэх онгоцны буудал барина.

    Зайсан, Катон-Карагай, Кендерлигийн нисэх буудлуудыг мөн ойрын хугацаанд ашиглалтад оруулна.

    Digital Qazaqstan хөтөлбөрийн хүрээнд хоёр суперкомпьютер ашиглалтад орсон бөгөөд гурав дахь суперкомпьютерийг 2026 оны эцэс гэхэд ажиллуулж эхэлнэ. Каспийн тэнгисийн ёроолоор шилэн кабелийн холбооны шугам татаж, шинэ мэдээлэл боловсруулах төвүүд барьж байна. Төрийн удирдлагыг боловсронгуй болгох, хүнд суртлыг бууруулах, үр ашиггүй зардлыг илрүүлэхэд хиймэл оюун ухааныг ашиглаж байна.

    К.Токаев геологи хайгуулын салбарыг технологийн хувьд шинэчлэх, геологийн мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг хангах, ашигт малтмалын орд газрыг эрж хайх, ашиглахад хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг уриалав. Дэд бүтцийн төслүүд нь барилгын материал, металл бүтээгдэхүүн, инженерийн тоног төхөөрөмжийн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц өгөх юм.

    Казахстаны Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ 2025 онд ойролцоогоор 6 хувиар өсөж, 33 тэрбум ам.долларт дөхжээ. Ерөнхийлөгч энэ салбарыг хөгжүүлэх урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхийг санал болгов. «Байтерек» холдинг нь 1.1 тэрбум ам.доллароос давсан өртөгтэй, санхүүжилт шаардлагатай хүнсний үйлдвэрлэлийн ирээдүйтэй төслүүдийг тодорхойлжээ.

    Усны хомсдолыг шийдвэрлэх нь нэн яаралтай зорилт юм. Ерөнхийлөгч ус дамжуулах шугам сүлжээний алдагдлыг бууруулах, хэрэглээнд тавих хяналтыг чангатгах, усны тарифын шинэчлэлийг дуусгах, Үндэсний усны нөөцийн мэдээллийн системийг шуурхай боловсруулахыг даалгав.

    NVIDIA компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан Астана хотод айлчилсны дараа К.Токаев хөдөө аж ахуйн салбарт үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг шинэчлэх зорилгоор хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг дэмжив.

    Засгийн газар Татварын хууль дахь ойлгомжгүй заалт болон бизнес эрхлэгчдэд хэт их ачаалал учруулж буй зохицуулалтыг арилгах нэмэлт, өөрчлөлтийн санал боловсруулна. Үүний зэрэгцээ К.Токаев хууль ёсоор эзэмшиж буй хөрөнгийг хамгаалах зарчмыг баталгаажуулж, чинээлэг иргэдэд өндөр татварын хувь хэмжээ тогтоохыг санал болгов.

    Шинэ оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 85 000 тенгегээс 110 000 тенге болгон нэмэгдүүлснээр 1.8 сая хүний орлого өснө. Анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний салбарын 77 000 гаруй ажилтны цалинг 40 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.

    Ойрын жилүүдэд Казахстан Улсад орчин үеийн 8 эх нялхасын төв, хүүхдийн төрөлжсөн 7 эмнэлэг болон 2 эмнэлгийн байгууламж барина.

    2027 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл төрийн удирдлагын тогтолцоог шинэчлэх цогц төлөвлөгөө боловсруулна. Үүнд төв төрийн байгууллагаас эхлээд тосгон, суурингийн захиргаа хүртэлх удирдлагын бүтцийг шинэчлэх, үйл ажиллагааны журмыг оновчтой болгох, хиймэл оюун ухаан ашиглах зэрэг зорилт тусгагдана.

    Түүнчлэн нэг жилийн дотор Казахстаны хөгжлийн урт хугацааны үзэл баримтлалыг боловсруулж, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн «Улс орны эв нэгдэл», «Хууль ба дэг журам», «Шударга иргэн» гэсэн үндсэн зарчмуудыг тусгана.

    Дүгнэлт

    Казахстан бол Төв Азийн тэргүүлэгч орон бөгөөд хүчирхэг эдийн засаг, хөгжингүй дэд бүтэцтэй улс юм. Сүүлийн жилүүдэд Монгол-Казахстаны хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. 2024 онд К.Токаев Монгол Улсад, 2026 онд У.Хүрэлсүх Казахстан Улсад төрийн айлчлал хийсэн. Хоёр улсын төрийн тэргүүн стратегийн түншлэлийн тухай тунхаглалд гарын үсэг зурж, харилцан худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэхээр тохиролцсон. Энэ хүрээнд «Казахстан – Монголын» Засгийн газар хоорондын комиссын хуралдаан амжилттай зохион байгуулагдсан. Хоёр улс хөдөө аж ахуй, тээвэр, ложистик, аж үйлдвэр, уул уурхай, цахимжилт болон шинэ технологийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч байна.

    Ерөнхийлөгчийн илгээлтэд тусгагдсан гол асуудлуудын дийлэнх нь хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой салбарууд юм. Иймээс Казахстан, Монголын хамтын ажиллагаа цаашид улам эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Үүнээс гадна Астана – Улаанбаатар, Алматы – Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэгдэж байгааг харгалзан үзвэл хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа болон иргэд хоорондын харилцаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

    Бид бол Евразийн уудам тал нутагт оршин сууж ирсэн эсгий туургатан нүүдэлчдийн соёл иргэншлийн өв залгамжлагчид. Түүх нэгтэй , уг язгуур нэгтэй, ард түмнүүдийн маань амьдралын хэв маяг, зан заншил төстэй. Иймээс олон зууны турш үргэлжилж ирсэн хамтын ажиллагаагаа шинэ эрин үед шинэ агуулга, хэлбэрээр хөгжүүлэх нь хоёр улсад хоёуланд нь ашигтай байх болно.

    Подписывайтесь на memleket.kz в соцсетях

    Важные новости Казахстана и полезные материалы — на удобной вам площадке.

    Похожие материалы

    Новости "Посольство Республики Казахстан в Монголии"